СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Маркетингийн Менежментийн VIII Олимпиад” энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиад нь хоёр үе шаттайгаар үргэлжилдэг бөгөөд Монос Хүнс ХХК уламжлал ёсоор ивээн тэтгэн хамтран ажиллаж, шүүгчийн үүргийг гүйцэтгэсэн юм.
Эхний шатанд өдрийн хөтөлбөрийн Маркетинг менежмент болон Бизнес менежмент мэргэжлийн нийт 50 оюутан оролцож, Филип Котлерын “Маркетингийн менежмент” сурах бичгийн агуулгын хүрээнд бэлтгэсэн нийт 80 асуулт бүхий тест материалаар онолын шалгалт авсан бөгөөд хамгийн өндөр оноо авсан 21 оюутан дараагийн шатанд шалгарах зарчмаар явагдлаа. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнуудыг таван багт хувааж, ивээн тэтгэгч “Монос Хүнс” ХХК-н зүгээс өгсөн “Цэнэг” брэндийн видео контентыг хийж, олон нийтэд хүргэх даалгавар өгч компанийн саналын дагуу олон нийтэд нээлттэй байдлаар шалгаруулсан юм.

Энэ жилийн онцлогийн хувьд жил бүр зохион байгуулагддаг Маркетинг Менежментийн улсын IX олимпиад нь англи хэл дээрх мэргэжлийн олон сурах бичгүүдээс онолын тест авах тул хоёрдугаар шатанд шалгарсан оюутнуудад “Who Am I” сэдвээр англи хэл дээр илтгэл тавиулан үнэлгээ өгсөн нь шинэлэг байв.
Олимпиадад амжилттай оролцож, эхний таван байранд шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагнал, 6-10 байранд шалгарсан оюутнуудад батламж гардуулж, олимпиадын хоёрдугаар шатанд оролцсон нийт оюутнуудад ивээн тэтгэгч “Монос Хүнс ХХК”-ийн брэнд бүтээгдэхүүний бэлгийн багц гардууллаа.
Мөн хоёрдугаар шатны даалгаврын хүрээнд хамгийн өндөр үнэлгээ авсан “Шилдэг баг”-аар “UNTM” баг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, эхний 10 байранд шалгарсан оюутнууд дөрвөн сард зохион байгуулагдах “Маркетингийн менежментийн улсын IX олимпиад”-д СЭЗИС–ийг төлөөлөн оролцох эрхээ гардан авлаа.

Шагнал гардуулах ёслолын дундуур СЭЗИС–иас Монос Хүнс ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж нийт оролцогч оюутнууд тус компанийн Цэнэг брэндийн бүтээгдэхүүнийг барьсан буйгаар авахуулсан дурсгалын зургаа гардуулан өгчээ.
