Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилгоор Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс компани эрүүл мэндийн зөвлөгөөг интерактив хэлбэрээр бэлтгэн хүргэж байна. Томуу буюу улирлын гаралтай томуу өвчин, бидний хэлж заншсанаар ханиад өвчний ялгааг илрэх шинж тэмдгээр хэрхэн ялгах талаар бэлтгэлээ.
Халуурах, ханиах, нус гарах, хоолой өвдөх зэрэг амьсгалын замын эрхтний цочмог үрэвслийн болон хордлогын шинжээр илэрдэг бүлэг өвчнийг томуу, томуу төст өвчин (ТТӨ)-д хамааруулан үздэг. Гэвч эдгээр нь үүсгэгч илрэх шинж тэмдгээрээ хоорондоо ялгаатай байдаг.
Томуу өвчины хувьд:
Томуугийн үүсгэгч нь гурван хэв шинжтэй байдаг бөгөөд (Orthomyxoviridae)-ийн бүлэгт багтдаг РНК агуулсан 80-120 нм хэмжээтэй ортомиксовирус юм. Хамгийн хордуу чанар ихтэй, хувирамтгай, өргөн тархсан нь “А хүрээний” вирус бөгөөд H эсрэг төрөгчийн хэв шинж байдлаар нь 12, N эсрэг төрөгчийн шинжээр нь есөн дэд хэлбэрт хуваадаг. “В хүрээний” вирус таван дэд хэлбэртэй бөгөөд В болон С хүрээний вирус хувьсамтгай чанар багатай тул бүс нутгийн чанартай дэгдэлт үүсгэдэг байна.

2015 оны байдлаар Дэлхийн бөмбөрцгийн 78 буюу нийт улс орны 40 хувь нь (Ногоон өнгөө тэмдэглэгдсэн) томуугийн төлөвлөгөөт буюу товлолт вакцинд хамрагдсан байдаг. Харин 59 хувь нь буюу 114 улс орон төлөвлөгөөт вакцинд огт хамрагдаагүй байгаа юм.
ТОМУУ БОЛ АЮУЛТАЙ ӨВЧИН
Дэлхийн түүхэнд дэгдэж байсан томуугийн цар тахлууд.

Зурагт үзүүлснээр 2016 оны судалгаагаар Евро Азийн бүс нутагт B хүрээний вирус давамгайлж байсан бол Өмнөд Америк, Австрали, Африкийн бүс нутагт A хүрээний вирус илүү тархалттай байгаа юм.

Дээрх зурган үзүүлэлтүүдээс та бүхэн томуу өвчний дэгдэлт, хор хөнөөл, хэдэн төрлийн хэв шинжтэй цаашлаад хэдэн улс орон энэхүү өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдаж байсан гэх тоон үзүүлэлтүүдийг харж болох юм. Харин Монгол улсын хувьд 2018 оны байдлаар Томуугийн Үндэсний Төвөөс (ТҮТөв) гаргасан мэдээгээр томуугийн тохиолдлын ихэнх хувийг В хүрээний вирус эзэлж байна.
Дээр дурдсанчлан “B хүрээний” вирус нь хувьсамтгай чанар багатай бүс нутгийн тархмал шинж тэмдэгтэй билээ.
Томуу болон ханиад өвчнийг илрэх шинж тэмдгээр хэрхэн ялгах вэ?
Томуу нь ханиад өвчнийг бодвол халдвар авснаас хойш 4-5 цагийн дотор илэрдэг ба 39-40 хэмд хүрч, олон хоног халуурдаг. Мөн биеийн ерөнхий байдал сульдаж, нүд орчмоор хүчтэй хатгуулж өвдөх ба цаашлаад сэтгэн бодох чадвар хүртэл алдагддаг юм. Хоолойн өвдөлтийг авч үзвэл ханиад өвчинд хөнгөвтөр улаан байх бол томууны хувьд хоолойн ар тагнай гэмтэж, зовуур ихтэй ханиаж найтаалгахад цээж орчмоор хөндүүрлэн өвддөг. Ерөнхийд нь авч үзвэл ханиад өвчин нь 7-14 хоногийн дотор аажмаар эдгэрдэг, харин томуу нь 14-оос 30 хоног буюу нэг сар үргэлжилдэг өвчин юм.

Томуу өвчний ханиаднаас ялгагдах онцлог нь хордлого ихтэй цаашид хүндрэх магадлал өндөртэй байдаг байх нь. Ялангуяа жирэмсэн эмэгтэй, бие султай хүмүүс, өндөр настан болон бага насны хүүхдүүд Томуу өвчнөөр өвдсөн бол яаралтай эмнэлэгт хандаж доорх зөвлөмжийг дагаарай.
-Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх тул витамин ихтэй, чанарлаг хоол хүнс хэрэглэх.
-Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж хангалттай унтаж амрах.
-Улирлын байдалд тохируулан хувцаслах. Өвлийн хүйтэнд дулаан малгай, ороолт, бээлий хэрэглэх.
-Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх.
-Хамрын салстыг хамгаалах зорилгоор сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх.
-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх.
-Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх.
-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа тогтмол хэрэглэх.
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх.
-Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших.
Авах арга хэмжээ: Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх.
-Эмчид яаралтай хандаж, заавар зөвлөгөөг нь сайтар баримтлан дэглэм сахих. Хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн зааврын дагуу гэртээ эмчлүүлээрэй.
-Халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг илчлэг сайтай шингэн зүйл ихээр хэрэглэх.
-Амны хаалт байнга зүүж хэвших.
-Гараа сайтар савандаж угааж хэвших. Хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
-Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт сэлгүүцэхгүй байх.
-Томуу, томуу төст өвчний үед аливаа эмийг эмчийн бичиж өгсөн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх. Дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх.
-Томуу төст өвчний үед халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно
-Энэ бүхнийг мэдсэнээр та ойр дотнын хүмүүсээ аль өвчнөөр өвдөөд байна вэ? юуг анхаарах ёстой вэ? гэх мэт асуултад хариу авч чадсан байх гэж бодож байна, баярлалаа.
Хүний их эмч: Д.Одбаяр