“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Монгол улсын тогтвортой хөгжлийг түүчээлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд үйлдвэрийнхээ үр ашгийг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын төлөө идэвх санаачлагатай ажилласаар иржээ.
Тиймдээ ч ажилсаг бүтээлч хамт олныхоо төлөө Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа сайжруулах ажлуудыг хийдэг байна. Тус үйлдвэрийн Хүний нөөцийн албанаас хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэн, сайжруулах зорилгоор бизнесийн салбар болон мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэгч байгууллагын туршлагаас судлах үйл ажиллагааг эхлүүлжээ. Энэ зорилгынхоо хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн албаны төлөөлөл Монос Хүнс ХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн албатай туршлага солилцох уулзалтыг Монос Хүнс ХК-ийн Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрт зохион байгууллаа.

Эрдэнэт үйлдвэрээс ирсэн зочдод Монос Хүнс компанийнхаа Эрүүл мэндийн шингэн хүнсний шинэ үйлдвэрээ гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулж, халуун дотноор хүлээн авсан юм. Мөн Монос Хүнс ХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн албанаас Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн албаны төлөөлөлд компанийнхаа үйл ажиллагаа болон, хүний нөөцийн нэгдсэн системийнхээ талаар туршлага солилцов.



