Sun. Jan 11th, 2026

Г.Гандолгор – Монос Хүнс ХК-ийн Мастер шалгагч

Миний ажил амьдралын 20 жил Монос гэдэг их айлтай салшгүй холбоотой өнгөрсөн.

2001 онд анх залуухан, жаахан охин Монос эмийн үйлдвэрээс ажлын гараагаа эм найруулагчийн албан тушаалаас эхлэн, мастер хүртэл дэвшин ажилласан байдаг юм. Анх 2011 онд Монос Хүнс компани үүсгэн байгуулагдаж Монос эмийн үйлдвэрээс 3 удирдлага 12 ажилтны нэг болон томилогдон ирж байжээ. Энэ цаг мөчөөс эхлэн эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл хэрэгт эргэж буцалтгүй гар бие оролцож эхэлсэн юм. Үндэсний үйлдвэрлэгч компанид ажиллахын хамгийн сайхан нь эх орны хөрсөнд ургасан төрөл бүрийн баялаг түүхий эдийг хүний биед хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байгаа нь миний бахархалыг маш ихээр төрүүлдэг. Мэдээж хэрэг энэ бүх зүйлс дардан төгс байхгүй шүү дээ нэг шинэ санаа гараад тэр нь шууд бүтээгдэхүүн болчихгүй маш их оролдлого, бүтэлгүйтэл, туршилт, судалгаа, шантрал, хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог л доо. Энэ бүхнийг даван туулаад тууштай ажилласны минь үр дүнд Монголын хамгийн анхны байгалийн зэрлэг жимстэй эко уусдаг цай, хүүхдүүдийн дуртай ааруултай үрэл, алтангагнуурын бэлдмэл, тугал шахмал үрэл, Tastea цагаан гаатай цай зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт хүрчээ. Магадгүй би шантралтай нүүр тулсан бол хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байсан шүү дээ.

Ажиллаж байгаа газар, хийж буй ажлаасаа хамгийн сайхныг мэдэрч тууштай, үр дүнтэй ажиллаж амжилтаа хамт олноороо дүгнүүлэн, хийж буй бүтээгдэхүүндээ итгэл дүүрэн байх хамгийн сайхан зүйл. Миний бий болгосон бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүнийг харах, тэр хүн сайн сайхныг нь мэдэрч байгааг мэдрэх л үнэхээр сайхан даа. Ажлаа хайрлаж, дурлаж хийдэг байгаарай гэж залуучууддаа уриалмаар байна.

By admin