Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгууллаа.
Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны шилдгүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монос Хүнс ХК нь Үндэсний үйлдвэрлэгч энтрепренер компаниар шалгарсан ба 2019 онд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагын шинэлэг ажлуудыг ч хийж гүйцэтгэсэн юм.

Товчхон дурдвал, Монос Хүнс ХК нь эрүүл мэндийн салбарт анхдагч болж 2019 онд албан ёсоор хувьцаат компани болсон төдийгүй Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 болон Хүнсний аюулгүй байдлын НАССР тогтолцоог амжилттай нэвтрүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шаардлага хангасан, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаагаа баталгаажуулан гэрчилгээгээ гардан авсан юм.
Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба тухайлбал, гэмтэж бэртсэн зорилтот бүлгийн хүмүүст туслах зорилготой “Monos Care” сайн үйлс аяныг зохион байгуулж байна. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан эрүүл мэндийн зөвлөгөөг цуврал байдлаар дохионы хэлтэй гаргаж эхэлсэн юм.
Тус шагналыг Монос Хүнс ХК хоёр жил дараалан авч байгаа ба цаашид ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор олон шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхээр Эрүүл мэндийн ус ундааны шинэ үйлдвэрээ тун удахгүй ашиглалтанд оруулах гэж байгааг дуулгахад таатай байна.