Sun. Jan 11th, 2026

БНСУ-ын Genoss, Dentium компанийн болон Dankook Их Сургуулийн төлөөлөгчид Монос Групп-тэй хоёр талт хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгжүүлж буй хамтарсан төслүүд болон судалгаа шинжилгээг шат ахиулах талаар хоёр өдрийн албан уулзалт хийлээ.

Монос Групп нь Монгол улсын эмийн ургамлын судалгаа, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр Dankook Их Сургуулийн судалгааны төвтэй 2017 онд гэрээ байгуулсан. Үүний үр дүнд ясны сийрэгжилтийг эмчлэх шинэ эм бэлдмэл зохион бүтээсэн юм.

Албан уулзалтын үеэр Эм Судлалын Хүрээлэн, Эмт ургамлын ботаник цэцэрлэг, ЭЗШУИС, болон Монос Фарм компанийн олон улсын GMP стандарттай эмийн үйлдвэрт зочилж Монголын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх байгууллага болох Монос Группийн ололт амжилт болон хамтран ажиллаж буй судалгааны төслийн үр дүнтэй танилцлаа.

Энэхүү албан уулзалт нь олон талын үр өгөөжтэй болж Монгол улс, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн салбарт бодит нөлөө үзүүлэх чухал алхам болно гэдэгт хоёр тал итгэж байна. Цаашид судалгаанд суурилсан нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж тохиролцлоо.

Түүнчлэн БНСУ-ын төлөөлөгчид Монос Группийн урилгаар Монгол улсын Боловсрол, Соёл,  Шинжлэх Ухаан, Спортын яамны Шинжлэх Ухаан, Технологийн бодлогын газрын төлөөлөгчтэй уулзаж, хоёр улсын хооронд Шинжлэх Ухааны салбарт эсийн өсгөврийн болон эдийн инженерчлэлийн хамтарсан судалгааны төв байгуулах асуудлыг хэлэлцлээ. Тус уулзалтаар төлөөлөгчдийн ахлагч, Genoss корпорацийн Био-материал судалгааны лабораторийн захирал Юун Бион-Хо: “Монос Групп нь Монголын тэргүүлэх судалгаа шинжилгээний хүчирхэг төвтэй, технологийн ололт амжилт арвин юм. Бид үргэлжлүүлэн олон төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний тал дээр хамтран ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Цаашид БНСУ-ын Dankook их сургууль нь Монос Хүнс ХК, Монос Фарм ХХК-ийн  бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтран ажиллахаар боллоо. Бид дэлхийн эрүүл мэндийн хүнсний зах зээлд тэргүүлж буй чиг хандлага, Монголчуудын биологийн онцлог, өвчлөлийн түүхийг харгалзан үзэж, олон жилийн туршлага судалгаан дээр үндэслэн илүү олон, гайхалтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно.

By admin