Sun. Jan 11th, 2026

Улаан хоолойн доод хуниасны булчин суларснаас ходоод, дээд гэдэсний агуулагдахуун улаан хоолойд сөөргөж орсны улмаас цээж хорсох, гашуун амтагдах зовиур бүхий улаан хоолойн үйл ажиллагаа болон бүтцийн өөрчлөлтийн эмгэгийг ходоод-улаан хоолойн сөөргөө өвчин (ХУХСӨ) гэнэ. Улаан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл, гэмтэл болон ходоод, дээд гэдэсний агуулагдахууны сөөргөө урсгал нь шинжлэгээгээр нотлогдсон үед рефлюкс-эзофагит гэж үздэг.

Рефлюкс эзофагитыг дурангийн шинжилгээнд илрэх шалбархайн тоо хэмжээ, хамрах талбайнаас хамаарч А, В, С, Д гэсэн дөрвөн зэрэгт хуваадаг.

А зэрэг: Улаан хоолойн доод хэсэгт 5мм-ээс ихгүй хэмжээтэй шалбархай нь 1-2 хананд байрлах

В зэрэг: Улаан хоолойн доод хэсэгт 5мм-ээс их хэмжээтэй шалбархай нь 1-2 хананд байрлах

С зэрэг: Олон тооны шалбархай нийлж, тууш шалбархай үүсгэх бөгөөд энэхүү өөрчлөлт нь улаан хоолойн доод хэсгийн гадаргуугийн 75% хүрэхгүй талбайг хамрах

Д зэрэг: Тууш болон гадаргууг өргөн хамарсан шалбархай, шархлаа нь улаан хоолойн гадаргуугийн 75% -аас их талбайг эзлэх, цус алдалт, сорвижил, нарийсал, Баррет метаплази болон баррет шархаар хүндрэх гэсэн дөрвөн зэрэгт хуваан үздэг байна.

Улаан хоолойн салст бүрхүүлийн хамгаалах (clearance) тогтолцоо алдагдан, гэмтээх хүчин зүйлийн нелөөгөөр улаан хоолойн доод хуниас дутуу хаагдах, өөрөө аяндаа гэнэт сулрах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ходоодны агууламж улаан хоолой руу шахагдан буцсанаар бидний мэдэх цээж хорсолтын шинж тэмдэг илрэх юм.

Тухайн өвчны үүсгэгч шалтгаан нөлөөлөх хүчин зүйлсд таргалалт, жирэмслэлт, согтууруулах ундаа багтдаг байна.  

Улаан хоолойн өвчний шинж тэмдэг болох цээж хорсолт таны биед мэдрэгдэж эхэлсэн тохиолдолд та эмчид хандах шаардлагатай бөгөөд доорх дэглэмийг сахих хэрэгтэй. Үүнд:

  1. 15-20 см өндөр дэртэй унтах
  2. Архи, тамхины хэрэглээг зогсоох
  3. Өөх тос, хийжүүлсэн ундаа, гаа, халуун ногоо, нимбэгийн төрлийн жимс ундааг хязгаарлаж хооллолтын дэглэм сахих
  4. Унтахаас 3-4 цагийн өмнө хооллох
  5. Хооллосны дараа хэвтэх, дасгал хийхийг цээрлэх
  6. Хэт бариу хувцас өмсөхгүй байх
  7. Эмчийн жорийн дагуу эм бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: http://mongolmed.mn/

Зөвлөгч эмч: Д.Одбаяр

By admin